Суралцах хотдоо ирсний дараа

Бүх зүйл эмх цэгцтэй байх ёстой – Саксонд суралцахад ч мөн адил. Сурах чиглэлээ сонгочихлоо, их сургуулиа олчихлоо, одоо сурах таатай орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд иргэний бүртгэлээ хийлгэх, банкны дансаа нээлгэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, семестрийн унааны тасалбараа авах, мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээнд оролцох зэрэг бүх зүйл багтана. Их ажил өрнөх юм шиг санагдаж байна уу? Санаа зоволтгүй, бага багаар хөөцөлдөж болно шүү дээ.

Албан газрын гарын авлага

Бүртгэл

Саксонд ирээд, амьдрах байраа олсон бол нэгээс хоёр долоо хоногийн дотор оршин суугаа газраа иргэний бүртгэлээ  хийлгэх шаардлагатай. Иргэний бүртгэлийн алба бүр өөр өөрийн тогтсон цаг хугацаатай байдгийг анхаарна уу.  Бүртгүүлэх цаг товлох өдөр л чухал болохоос бүртгүүлэхээр очих өдөр чинь хоёр долоо хоног дотроо багтахгүй байж болно. 

Бүртгүүлэхээр очиж, бүртгэлийн маягт бөглөсний дараа иргэний бүртгэлд бүртгэгдсэн гэсэн батламж авна. Саксон мужид анхлан ирж буй хүн бүр энэ замаар явна. Хэрвээ та гадаад улсаас Саксон мужид суралцахаар ирж байгаа бол оршин суух зөвшөөрөл авахын тулд бүртгэлийн батламж шаардлагатай. Зарим газар бүртгэлийн албыг иргэний алба, дүүргийн алба гэж нэрлэдэг. 

Иргэний бүртгэлийн албанд шаардагдах бичиг баримт

Иргэний үнэмлэх эсвэл паспорт (+виз)

Түрээслүүлэгчийн бөглөж, гарын үсэг зурсан тодорхойлолт  

Гэрлэлтийн баталгаа (хэрвээ байгаа бол)

Баталгаат орчуулга бүхий хүүхдийн төрсний гэрчилгээ эх хувиараа

Бүртгэлийн батламжаа 

Бүртгэл хийлгэхэд ямар нэгэн төлбөр хураамж төлөхгүй. Бүртгэлийн батламжаа сайтар хадгалах хэрэгтэй. Энэхүү баримт бичиг танд суралцах хугацааны турш хэрэг болно. Суралцах хугацаандаа оршин суугаа газраа сольж нүүхээр бол бүртгэлийн батламжаа үзүүлэн бүртгэлээ хасуулж, шинэ оршин суух газраа очиж бүртгүүлнэ. 

Мэдэхэд илүүдэхгүй 

Байр түрээслүүлэгчийн тодорхойлолт гэж юу вэ?

Түрээслүүлэгч Германд тодорхой оршин суугаа хаягтай болохыг тань тодорхойлолт гарган өгч баталдаг. Маягтыг та өөрийн оршин суугаа газрынхаа иргэний бүртгэлийн алба руу онлайнаар хандан, төвөггүй хуулан авах боломжтой. Үүнийгээ түрээслүүлэгч рүүгээ мэйлээр илгээнэ. Түрээслүүлэгч үүнийг тань бөглөөд, гарын үсэг зуран баталгаажуулаад тань руу буцаан илгээнэ. Хэрэв та оюутны байранд амьдардаг бол тодорхойлолтыг оюутны холбооноос авна. 

Гадаад  оюутны оршин суух зөвшөөрөл

Хэрэв та Европын холбоо, Европын эдийн засгийн бүс эсвэл Швейцарь улсаас ирсэн бол Саксонд оюутны оршин суух зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин та эдгээрээс өөр бусад улсаас ирсэн бөгөөд Саксонд 90 хоногоос дээш хугацаагаар суралцахаар төлөвлөж байгаа бол Германд ирсэн эхний гурван сарын дотор гадаадын иргэн, харъяатын газарт оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах шаардлагатай. Зөвшөөрөл нь чиптэй карт байна. Чип дээр таны хурууны хээ, цээж зураг тань хадгалагдсан байна. Энэхүү зөвшөөрлийг авахад 110 евро төлөх ёстой. 

Гадаадын иргэн, харъяатын газарт шаардагдах бичиг баримт

  • Хүчинтэй паспорт (+виз)
  • Бүртгэлийн батламж
  • Эрүүл мэндийн даатгал
  • Герман дахь их сургуулийн тань оюутны үнэмлэх
  • 110 евро
  • Байрны түрээсийн гэрээ, түрээслүүлэгчийн тодорхойлолт
  • Паспортын зураг (биометр)

Суралцах хугацааг сунгахад анхаарах зүйлс:

Анхаарах: Оршин суух зөвшөөрлийг тэр даруйд нь олгохгүй бөгөөд  материалыг боловсруулах хугацаа дөрвөөс зургаан долоо хоног үргэлжилдэг. Зөвшөөрөл нэгээс хоёр жил хүчинтэй. Хэрэв та суралцах хугацааг сунгахаар бол зөвшөөрлийг ямар нэгэн хориг тавилгүй сунгаж өгнө. Гэхдээ та сурах хугацаандаа батгаж сургуулиа төгсөх ёстойг анхаараарай. Тодорхой хугацааг өөрийн тань сургууль баталгаажуулан, тодорхойлолт гаргаж өгнө. Оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хугацааг сунгах өргөдлөө өгөх шаардлагатай. 

Гадаадын иргэн, харъяатын газрын шаардах материал

  • Хүчинтэй паспорт (+виз)
  • Бүртгэлийн хуудас
  • Эрүүл мэндийн даатгал
  • Таны Герман их сургуулийн тань оюутны үнэмлэх
  • 110 евро
  • Байрны түрээсийн гэрээ, тодорхойлолт
  • паспортын зураг (биометр)

Банкны данс

Оюутан болно гэдэг нь өөрөө бие дааж, хариуцлага хүлээнэ гэсэн үг билээ. Тиймээс өөрийн нэр дээр данс нээлгэх шаардлагатай. Байрны түрээс, утас, интернэт, даатгалын төлбөр гээд тогтмол зардлаа данснаасаа шууд татуулах гэрээг банктайгаа байгуулчихвал нэлээд их ажлыг тань хөнгөвчилнө. 

Ямар банканд өөрийн санхүүг даатгах нь таны өөрийн сонголт юм. Хот болгонд л төрөл бүрийн банк байгаа. Өөрт тохирох банкаа хайж олно. Интернэт банк бас нэг шийдэл байж болно. Интернэт банкыг ашиглан мөнгө санхүүгийн асуудлаа онлайнаар хялбархан шийдэх боломжтой.

Банканд данс нээлгэхэд шаардагатай бичиг баримт:

Та өөрийн нэр дээр анх удаагаа данс нээлгэх гэж байгаа бол банк бүр бүрдүүлэх бичиг баримт тал дээр өөр өөрийн шаардлагыг тавьдаг. Үүнд:

  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх эсвэл элсэн орсон баталгаа (их сургуульд суралцахыг зөвшөөрсөн бичиг)
  • Бүртгэлийн батламж

(Иргэний бүртгэлийн алба, Гадаадын иргэн, харъяатын газар) 

Шаардсан эдгээр бичиг баримтыг банканд бүрдүүлэн өгвөл банкны албан хаагчид таньд өөрийн нэрийн дансыг нээхэд тань туслах болно. Хэрвээ ямар бичиг баримт бүрдүүлэх тухай мэдэхгүй байгаа бол өмнө нь банк руу утасдаж асууж лавлаарай. Ингэснээрээ хоёр дахин явах ажлыг алгасаж, цагаа хэмнэнэ.

Эрүүл мэндийн даатгал 

Хэрвээ та ХБНГУ-д суралцах гэж байгаа бол эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдсан байх ёстой. Ингэснээр та эмнэлэгт хэвтэхэд гарах зардал, эмчилгээний зардал, эмийн зардал гэх мэт өндөр эрсдлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг юм. Хэрэв өвдөх юм бол энэхүү багахан хэмжээний эрүүл мэндийн  даатгалын төлбөрөөр эмнэлгийн өндөр зардлаас зайлсхийж болно. 

Даатгалын газар өөрсдийн шаардлагыг тавих нь ойлгомжтой. Тиймээс таньд энэ тал дээр тусламж дэмжлэг хэрэгтэй. Гол нь Саксон мужид, суралцах газраа очихоосоо өмнө энэхүү асуудлыг цэгцлээд явах нь зүйтэй. Учир нь оршин суух зөвшөөрөл, их дээд сургуульд оюутнаар бүртгүүлэх зэрэгт эрүүл мэндийн даатгалын тодорхойлолт шаардагдана. Эмнэлгийн даатгалын төлбөр ойролцоогоор сарын 110 евро байдаг. Хэрэв та 30-аас дээш настай бол энэ төлбөр өндөр буюу 190 евро байна. Тиймээс энэ асуудлаар Саксон мужийн их дээд сургуулийн төлөөлөгчийн газар хандаж, зөвлөлгөө аваарай. 

Танилцах долоо хоног – Төгс эхлэл

Их дээд сургуулийнхаа чиг баримжаа олгох арга хэмжээ, танилцах долоо хоногт заавал оролцоорой. Үүгээр та их сургуулийн амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах ба тодорхой сургалтын чиглэлийн танилцуулах лекцэнд сууж, одоо сурч байгаа оюутнуудтай лекцын өмнө эсвэл дараа нь идэвхтэй яриа өрнүүлж, танилцах боломжтой. Оюутны хотхонг танилцуулах аялал ч энэ долоо хоногт явагдаж дуусдаг.