Сургалтын хөтөлбөр

Семестр

Хичээлийн жил өвлийн болон зуны семестр гэж хуваагдана. Нэг семестр хагас жил үргэлжилнэ. Сургалтын хөтөлбөр аль семестрт эхлэх нь суралцах гэж буй их дээд сургуулиас тань хамаарна. Ихэнх сургалтын хөтөлбөр өвлийн семестрээс эхэлдэг.

Нэг семестрийг лекцийн хичээлтэй, лекцийн хичээлгүй үе хэмээн хуваана. Өвлийн семестрт 15 долоо хоног, зуны семестрт 14 долоо хоног суралцана. Хичээл дууссанаар шалгалтын үе эхэлнэ.

Семестрийн үргэлжлэх хугацааны талаарх  тодорхой мэдээллийг та тухайн их дээд сургуулийн вэб сайтаас нь лавлан харах боломжтой. Мөн өөрийн сонирхсон сургалтын хөтөлбөрийн өргөдөл авах хугацаа, эцсийн товыг эндээс харж болно.   

Модуль

Сургалт нь модуль гэж нэрлэгдэх тодорхой нэгжүүдэд хуваагдана. Эдгээр нэгж нь нэг сэдвийг гүнзгий судлах ба семинар, дасгал ажил, лекц зэрэг олон төрлийн хичээлээс бүрдэнэ. Нэг модуль ихэвчлэн нэгээс хоёр семестр үргэлжилнэ. Амжилттай дуусгасан модуль болгоны эцэст кредит оноо авна. Эдгээр кредитүүдийг цуглуулж, төгсөх болзлоо хангана.

Бакалаврын сургалтын хөтөлбөр нь суурь мэдлэг олгох ба энэ нь таны цаашдын суралцах үндэс болдог. Магистрын зэрэг олгох хөтөлбөр буюу ахисан түвшний хөтөлбөр нь таны эзэмшсэн мэдлэгийг гүнзгийрүүлэх, өргөжүүлэх, салбар хоорондын ур чадварыг эзэмшихэд зориулагдсан байдаг. Заавал сонгон суралцах модулиудаас гадна сонгон суралцах модулиуд гэж бий. Тэдгээрийг сонгон суралцснаар тусгайлсан нэг сэдвийг гүнзгийрүүлэн суралцах боломжтой болно.

Лекц, семинар

Та их дээд сургуулийнхаа хичээлийг онлайнаар харж, сургууль тухайн семестерт ямар хичээл санал болгож байгаа, өөрт аль нь чухал болохыг харах боломжтой.

Хичээлийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийг дурьдвал:

  • Лекц: Хичээлийг багш нар ихэвчлэн лекцийн танхимд ордог. Нэмж хэлэхэд, сонссон мэдлэгээ бататгах дасгалууд байдаг. Семестрийн төгсгөлд та шалгалт өгнө.  
  • Семинар: Семинарын үеэр та идэвхтэй оролцож, жишээлбэл, илтгэл тавих замаар сэдвийг гүнзгийрүүлэн судлах боломжтой.  Нэмж дурдахад энэ нь шалгалттай холбоотой хичээл учраас үнэлгээг ирцээр өгөх бөгөөд энэ нь заавал хамрагдах ёстой гэсэн үг юм. 
  • Давтлага: Энэ нь суралцагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой хичээл бөгөөд сурах материалыг давтаж, гүнзгийрүүлэн үзэх боломж олгодог. Ихэвчлэн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагддаг. Давтлагыг ихэвчлэн ахлах курсын оюутнууд зохион байгуулдаг.

Босго оноо – Numerus Сlausus (NC)

Энэ нь их, дээд сургуулийн тодорхой хөтөлбөрт элсэхэд тавигдах хязгаарлалт буюу босго оноо юм. Өөрөөр хэлбэл, тухайн сургалтын хөтөлбөрт өргөдөл гаргагчдын тоо их байвал тодорхой нэгэн шалгуураар оюутнуудыг сонгон шалгаруулна.

Кредитын систем – Credit Points (ECTS)

Европын сургалтын үнэлгээний системийг ECTS гэнэ.  Энэ системийг Европын олон оронд ашигладаг. Энэ нь гадаад болон дотоодын их дээд сургуулийн оюутан солилцоог боломжтой болгон сонгон суралцсан кредитээ дүйцүүлэх үйл явцыг хялбаршуулдаг.

Сонгон суралцаж, амжилттай хаасан  хичээл бүрт тодорхой кредит үнэлгээ авна. Энэ нь таны сургалтын цар хүрээг илэрхийлнэ. Нэг модулийг бүрэн дүүргэхийн тулд тодорхой тооны кредит цуглуулах ёстой.