Байр
Элсэн суралцах өргөдлөө өгөхийн хажуугаар сурах хугацаандаа хаана амьдран суух талаараа бас бодолцох хэрэгтэй. Бидний зүгээс таньд өгөх хэд хэдэн зөвлөлгөө байна.
Хамгийн гол нь сургууль таньд оюутан болох зөвшөөрлийг олголоо ч энэ нь та шууд оюутны байранд орох эрхтэй боллоо гэсэн үг биш юм. Тиймээс та амьдрах байраа эртнээс хайж эхлэх хэрэгтэй. Мэдээж Саксонд сурахаар шийдсний тань давуу тал энд харагдана. Германы бусад муж улстай харьцуулбал энд түрээсийн байр хямд байдаг. Түүнээс гадна та их сургуулийнхаа гадаад харилцааны албанаас байр олох талаар хэрэгтэй мэдээллийг олж авах боломжтой.
Оюутны байр
Оюутны дотуур байр онцгой хямд байдаг. Саксон мужийн бараг бүх их сургууль оюутны дотуур байртай. Энэ нь оюутнууд зай талбайгаа хуваан хэрэглэдэг орон сууц юм. Хамтран амьдрах ийм орон сууцыг оюутны холбоо олгох бөгөөд нэлээн эрэлттэй байдаг. Тиймээс энд нэг өрөө олохын тулд эртнээс хөөцөлдөх хэрэгтэй.
Хувийн орон сууц түрээслэх
Ганцаараа эсвэл бусад оюутнуудтай нийлээд орон сууц түрээслэн амьдрах боломжтой. Мэдээж янз бүрийн сонголтууд бий. Германд оюутнууд нийлж орон сууц түрээслэх нь түгээмэл байдаг. Энэ нь зардал хэмнэхээс гадна өөр хотод дасан зохицоход түлхэц, дэмжлэг болж өгдөг.
Тохиромжтой байр хайхын тулд түрээслэх байр санал болгодог онлайн портал дээр бүртгүүлэхээс гадна мөн өөрийн байр хайж буй зараа энд байрлуулж болно. Сошиал орчинд ч энэ төрлийн зар их бий.
Мэдэхэд илүүдэхгүй
Германд байрны төлбөрт дараах зүйлс багтана. Үүнд:
Тухайн байрны талбайд оногдох зардал болох байрны үндсэн зардал
Ус, хий, халаалт, хог тээвэрлэлт зэрэг багтсан нэмэлт зардал
Энэ бүхэн нийлээд байрны нийт төлбөр болно. Үүнийг ихэчвлэн сарын эхэнд нэхэмжилдэг. Мөн түүнчлэн Германд түрээсийн байранд ороход түрээслүүлэгч баталгаа болгон барьцааны мөнгө нэхэмжлэх нь нийтлэг байдаг. Тиймээс ийм хэмжээний мөнгийг мөн тооцоолон төсөвлөх хэрэгтэй. Барьцааны мөнгө ихэвчлэн нэгээс хоёр сарын нэмэлт зардал ороогүй байрны үндсэн зардалтай тэнцэх хэмжээний мөнгө байдаг.
Германд ирсэн даруйдаа өөрийн амьдрах байраа олж чадаагүй юу? Тэгвэл нутгаасаа гарахаасаа өмнө Германд эхний өдрүүдэд хаана байрлах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Энэ тал дээр оюутны холбоо туслалцаа үзүүлдэг.
https://www.study-in-saxony.de/infos-tipps/gut-zu-wissen/studierendenwerke
Виз
Виз гэдэг нь гадаад улс оронд тодорхой хугацаагаар зорчиход олгосон зөвшөөрөл бөгөөд таны паспорт дээр дарагдсан тамгаар баталгааждаг. Виз олгох үйл ажиллагаа хэдэн сараар үргэлжилдэг тул виз хүссэн өргөдлийг өөрийн улсад байх Германы Элчин сайдын яаманд эртхэн өгөх нь зүйтэй.
Ямар виз авах хүсэлт гаргах нь зүйтэйг олж мэдэх шаардлагатай. Хэрвээ Саксонд сургуульд орох өрөгдлийг зөвшөөрөн, оюутан болох тухай бичиг ирээгүй байгаа тохиолдолд суралцах өргөдөл гаргах тухай визний хүсэлт өгөх шаардлагатай. Энэ виз 3 сарын хүчинтэй байх бөгөөд энэ хугацаанд суралцах тухай өргөдлийг өгч болно. Хэрвээ оюутан болохыг зөвшөөрсөн хариу ирсэн бол суралцах виз хүсэж өргөдөл гаргана. Энэ нь хоёр жил хүчинтэй байх ба сунгуулж болно.
Мэдэхэд илүүдэхгүй
Дараах зарим нэг зүйлсийг л анхаарчихвал виз мэдүүлэх нь тийм ч хэцүү биш:
Эртхэн хөөцөлдөж эхэл.
Үйл явц хэдэн сараар ч үргэлжилж магадгүй бөгөөд виз гарч байж л Герман руу зорчих эрх чинь нээгдэнэ.
Оюутны виз хүсэх
Төрөл бүрийн виз олгогддог. Визний өргөдөл гаргахдаа оюутны виз хүсэх хэрэгтэй.
Герман руу зорчих төлөвлөгөөгөө гарга.
Хичээл сургууль эхлэхээс өмнө хөөцөлдөх зүйлс иргэний бүртгэлд бүртгүүлэхээс эхлээд мундахгүй тул цагаа бүү давчуу төлөвлөөрэй.
Гадаад паспортоо шалгаарай.
Гадаад паспотр болон бичиг баримтынхаа хүчинтэй хугацааг шалгаарай. Хугацаа нь дууссан бичиг баримт дараа нь багагүй төвөг учруулж мэднэ шүү.
Визийн хүсэлт гаргахын тулд санхүүгийн чадамжийг тань тодорхойлсон санхүүгийн баталгаа байх шаардлагатай. Үүгээрээ жилийн хэрэгцээ болох 11.904 еврог хангаж чадна гэдгээ батална. Энэхүү баталгааг харуулах хэд хэдэн арга зам бий. Тус улсад суугаа Германы Элчин сайдын яам энэ тал дээр таньд илүү их мэдээлэл өгөх болно.
- Эцэг эхийн тань хөрөнгө санхүүгийн чадвар, орлогын баталгаа
- Германд оршин суугаа хэн нэгэн таны зардлыг бүрэн хариуцах тухай батлан даалт. Хаалттай дансанд баталгаа болгон мөнгө байршуулах (хаалттай данс)
- Банкны зээл
- Магадлан итгэмжлэгдсэн сангаас тэтгэлэг авах баталгаа.
Ихэнх гадаад оюутнууд хаалттай дансыг санхүүгийн баталгаа болгодог. Хаалттай дансанд байршуулсан 11.904 евро таныг Герман улсад иртэл “хаалттай” байршина. Хаалттай дансанд мөнгөө эртхэн байршуулж, нотариатаар баталгаажуулах шаардлагатай.
Германд ирснээр та банкнаасаа мөнгө авах эрх тань нээгдэнэ.