Их дээд сургуульд элсэн суралцах гэж буй гадаад оюутанд боловсролын түвшингээс нь хамаарч их дээд сургууль бүр өөр өөрийн тодорхой шаардлага тавьдаг. Зарим их дээд сургуулийн тодорхой нэг сургалтын хөтөлбөрт элсэн суралцах оюутны тоо хязгаартай байх бөгөөд үүнийг Numerus Clausus-тай сургалтын хөтөлбөр гэдэг. Шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх явцад таны Герман хэлний түвшин B1 эсвэл DSH I байх ёстой. Элсэн суралцах хүсэлтээ гаргасны дараа шаардлагатай бол их дээд сургуулийн дэргэдэх бэлтгэл коллежид эсвэл тэдгээрийн санал болгож буй төлбөртэй хэлний курст явна. Их дээд сургуульд элсэн суралцах оюутан C1 эсвэл DSH II хэлний түвшинтэй байх ёстой.
Герман хэлний сертификат авсан байх.
Германд их дээд сургуульд суралцахын тулд Герман хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд үүнийгээ батлах хэлний түвшний сертификат авсан байх ёстой. Бэлтгэл коллежид орохын тулд B1 түвшин (Goethe, Telc, DSD I, DSH I)-ий хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. Герман хэл дээр явагдах хөтөлбөрөөр суралцахын тулд Герман хэлний C1 түвшин, Англи хэл дээр явагдах хөтөлбөрөөр суралцахын тулд Англи хэлний B2 (IELTS 6.0 эсвэл TOEFL 90-ээс дээш) түвшинтэй байх шаардлагатай.
Герман хэл дээр явагдах хөтөлбөрөөр суралцахын тулд Герман хэлний C1 түвшин, түүнтэй адилтгах түвшний сертификат авсан байх шаардлагатай. Үүнд:
- DSH II – сертификат (2-р түвшин)
- TestDaF – сертификат (хамгийн багадаа 4 хэсэгт 4 оноо)
- GDS – сертификат (С2 түвшингээс дээш)
- Гёте институтын сертификат
- telc Deutsch С1 сертификат
Саксоны их дээд сургуулиуд их дээд сургуулийн элсэлтэд бэлдэх Герман хэлний С1 түвшний төлбөртэй сургалтуудыг санал болгодог.
Элсэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалт нь сонгосон их дээд сургууль, факультет, тэнхим, сургалтын хөтөлбөрөөс хамааран ялгаатай байдаг.
Элсэлтийн материалд тавигдах шаардлага:
- Их дээд сургуулиас хамаарна
- Сонгосон тэнхим, факультетаас хамаарна
- Сонгосон сургалтын хөтөлбөрөөс хамаарна.
Саксоны их дээд сургуульд элсэн суралцахад шаардагдах бичиг баримт:
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын диплом
- Үзсэн хичээл, дүнгийн хуулбар
- Хэрэв ямар нэгэн гадаадын их дээд сургуульд тэнцсэн бол элсэлтийн болон суралцах гэрчилгээний албан ёсны баталгаажуулсан хуулбар
- Хэлний түвшинг батлах сертификат
- Боловсролын замналаа тоймлон хүснэгтлэх
- Паспортын хуулбар
- Их дээд сургуулиудын тавих шаардлагаас хамааран шаардлагатай бол нэмэлт баримт бичиг, нотлох баримт
бүрдүүлж өгнө.
Өргөдөл гаргах эцсийн хугацаанаас ойролцоогоор 8 долоо хоногийн өмнө бичиг баримтаа өгснөөр залруулга хийх хугацаа гарна. Бичиг баримт хянан магадлах хугацаа ойролцоогоор 6 долоо хоног байдаг.