Таны эрдмийн зэрэг таны карьерын эхлэл болж чадна. Саксон мужид та дараах эрдмийн зэрэг горилох боломжтой. Үүнд:
- Бакалавр
- Магистр
- Улсын шалгалт
- Диплом
- Докторын зэрэг
Бакалавр
Их дээд сургуульд элсэн орох болзлыг (ЭЕШ-ийг 5 хичээл дээр 560-аас дээш оноотой өгөх) хангаснаар та хүссэн (сурах оюутны тоонд хязгаар тавьсан зарим нэг хөтөрлбөрүүдээс гадна) их дээд сургуульдаа орох боломж нээгдэнэ. 3-4 жил лекц, семинарт сууж, лабораторид судалж шинжлэн, мэргэжлийн дадлага хийсний дараа бакалаврын зэрэг авна. Энэ бол таны эхний эрдмийн зэрэг юм.
Бакалаврын зэрэг нь шинжлэх ухааны ажлын үндсийг ойлгосон гэдгийг нотолдог. Бакалаврын зэрэггүй бол магистрын зэрэг авах боломжгүй. Гэхдээ та бакалаврын зэргээ аваад шууд үргэлжлүүлэн суралцах шаардлагагүй. Ихэнх төгсөгчид бакалаврын зэргээ аваад, ажил мэргэжлийн карьераа эхлүүлэх, эсвэл магистрын зэрэг горилохоос өмнө завсарлага авч, туршлага хуримтлуулахыг илүүд үздэг.
Бакалаврын зэрэг хамгаалахад бакалаврын ажил бичих эсвэл шалгалт өгөх шаардлагатай эсэх, хэр их цар хүрээг хамаарах нь тухайн их, дээд сургууль болон зарим тохиолдолд мэргэжлийн чиглэлээс хамаарна. Мөн та бакалаврын зэргийг үндсэн нэг чиглэлээр эсвэл хосолсон хоёр чиглэлээр зэрэг авах боломжтой.
Магистр
Германд магистрын хөтөлбөрт суралцахын тулд бакалаврын зэрэг хамгаалсан байх шаардлагатай. Саксон мужид магистрт суралцан, магистрын зэрэг хамгаалснаар та мэргэжлээ гүнзгийрүүлэн судална гэсэн үг.
Магистрын зэрэгүүд:
- Урлагийн магистрын зэрэг: Master of Arts (M. A.) – хэл шинжлэл, спорт, урлаг, соёл, нийгмийн ухааны чиглэлээр төгсөгчдөд олгодог.
- Шинжлэх ухааны магистрын зэрэг: Master of Science (M. Sc.) – байгалийн шинжлэх ухаан, математик, ойн инженер, шим судлал, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцсан оюутнуудад олгодог.
- Инженер магистрын зэрэг: Master of Engineering (M. Eng.) – инженерийн чиглэлээр амжилттай суралцсан төгсөгчид энэ цолыг хүртэнэ.
- Дүрслэх урлагийн магистрын зэрэг: Master of Fine Arts (M. F. A.) – дүрслэх урлагийн чиглэлээр суралцсан оюутнуудад зориулагдана.
- Хөгжмийн магистрын зэрэг: Master of Music (M. Mus.) – хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгссөн оюутанд олгоно.
Магистрын зэрэг хамгаалах шалгуурууд ч мөн төрөл бүрийн байна. Зарим нь магистрын ажилтай хослуулсан онолын шалгалт өгдөг бол зарим нь хөгжмийн бүтээл эсвэл урлагийн ажлаар төгсөлтийн шаардлагыг хангана. Магистрын түвшинд мэргэшсэнээр та өөрийн салбартаа гүнзгий мэдлэг эзэмшиж, улмаар ажлын илүү сайхан боломжуудыг нээхээс гадна академик карьераа үргэлжлүүлэх боломжтой болно.
Улсын шалгалт
Ихэнх төгсөгчид бакалавр, магистрын зэрэгтэй төгсдөг бол зарим нь улсын шалгалтаар төгсөж болдог.
Улсын шалгалт өгч төгсдөг дараах хөтөлбөрүүд байдаг. Үүнд:
- Хүний их эмч
- Малын эмч
- Шүдний эмч
- Эм зүй
- Хүнсний хими
- Эрх зүй
- Сурган хүмүүжүүлэх
Диплом
„Дипломын Инженер“ (Diplom-Ingenieur) хэмээх цол нь өндөр үнэлэгддэг. Саксоны техникийн их сургуулиудаас зөвхөн Фрайбергийн Уул Уурхайн академи, Дрезденийн Техникийн Их Сургууль энэ зэргийг нэг шатлалт дипломын сургалтын хүрээнд олгодог. Мөн Фрайбергийн Техникийн их сургууль диплом химич, диплом математикч, диплом эдийн засагч цол олгодог.
Дипломын зэрэг төгсөгчдөд нэр хүндийн баталгаа болох төдийгүй олон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн байх ба магистрын зэрэгтэй дүйцэхүйц байдаг.
Бакалавр, магистрын сургалтуудтай адил ECTS кредитийн систем (European Credit Transfer and Accumulation System) нь дипломын сургалтыг олон улсын түвшинд харьцуулах боломжийг олгодог. Дипломын зэргийг өөрийн болгохын тулд эхлээд дипломын ажил, дипломын шалгалтыг амжилттай дүүргэх ёстой.
Докторантур
„Докторын зэрэгтэй болтлоо суралц“ гэдэг үг бий. Хэрэв та мэргэжлийн шалгалтаа (Staatsexamen) амжилттай өгсөн, эсвэл магистрын зэрэг (Master), дипломын зэрэг (Diplom)-ээ амжилттай хамгаалсан бол мэргэжлийн түвшинд судалгаагаа гүнзгийрүүлж болно. Үүний тулд та диссертаци боловсруулж, бичих ёстой. Ихэнх тохиолдолд докторын зэрэг хамгаалахын тулд их сургуульд суралцах шаардлагатай. Харин урлагийн их сургуулиудын төгсөгчид зөвхөн онолын судалгааны өндөр чиг баримжаатай мэргэжлийг сонгосон тохиолдолд докторын зэрэг авах боломжтой.
Хэрэв та Саксоны хэрэглээний шинжлэх ухааны дээд сургууль төгсөж, магистрын зэрэг авсан, үргэлжлүүлэн их сургуулийн докторантурт суралцах гэж байгаа бол их сургуулиас нэг, дээд сургуулиас нэг гэсэн 2 удирдагчтайгаар докторын зэрэг горилох боломжтой. Докторантурын явцад зөвхөн диссертац бичихээс гадна их сургуулийн нэмэлт хичээлүүдэд хамрагдах шаардлагатай. Энэ нь нэлээн хэдэн жил үргэлжилдэг боловч эцэст нь та докторын зэрэгтэй болно.
Харин Хэрэглээний шинжлэх ухааны дээд сургууль арай өөр шалгууртай. Энд хоёр багшаас давхар удирдамж авах шаардлагагүй.
Хабилитаци буюу Профессорын цол Докторын зэргийн дараагийн шат бол профессор болох явдал юм. Гэхдээ хабилитаци буюу шинжлэх ухааны өндөр түвшний судалгааны ажил бичсэнээр шууд профессор болчихгүй. Профессор болохын тулд хабилитацийн ажлаа бичиж, судалгааны чиглэлдээ бие даасан чадвараа харуулна. Мөн профессорын албан тушаалд өрсөлдөж, томилогдсоноор албан ёсны профессор болно. Профессор болохын тулд тусгай шалгалт өгөх эсвэл нэмэлт сургалтад хамрагдах шаардлагагүй. Энэ бол академик карьерын хамгийн дээд цэг бөгөөд профессор нь тухайн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн, нэр хүндтэй судлаач гэж тооцогддог.