Gute Gründe

Та дэлхийн хаана ч очиж, сурч болно. Герман улс даяар ч сонголт арвин байдаг. Тэгэхээр яагаад заавал Саксон мужид сурна гэж? Хариулт нь энгийн, та энд хямд өртөг бүхий орон сууцанд бага зардлаар амьдарч болно. Та хотдоо ногоо байгууламжаар хүрээлүүлэн амьдарна. Та хүссэн мэргэжлээ эзэмшиж болно. Мөн энд шинийг эрэлхийлэх, хөгжих эрмэлзэл давамгайлж байдаг тул уламжлалт мэргэжлүүдээс гадна маш өвөрмөц, хамгийн орчин үеийн чухал хэрэгцээт мэргэжлийн чиглэлээр суралцах боломжтой.

Гүн гүнзгий судалгаа, шинжилгээ

Их сургуулиас гадуурх судалгааны байгууллагуудтай Саксоны их, дээд сургуулиуд нягт уялдаа холбоотой ажилладаг. Үүнд Фраунхоферын институт, Хельмхольтц, Лайбниц, Макс-Планкийн институт зэрэг нэр хүндтэй институтүүд багтдаг бөгөөд эдгээрийн эрдэмтэд салбар хоорондын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлдэг. 

Нэмж дурдахад, Саксон нь Европын төвд оршдог бөгөөд дэлхийн судалгааны байгууллагуудын сүлжээнд мэдлэг солилцох, хамтран ажиллах чиглэлээр олон улсын судалгаа шинжилгээний эрчимтэй түншлэлийг хадгалж байдаг. 

Саксон мужийн судалгааны тэргүүлэх чиглэл нь инженерчлэл, байгалийн шинжлэх ухаанаас эхлээд шим судлал, хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухаан зэрэг олон талт, ирээдүйд чиглэсэн судалгааны чиглэлүүд  байдаг.

Олон улсад өндөр үнэлгээтэй судалгааны үр дүнгүүдээрээ Саксоны эрдэмтэд гайхагддаг. Жишээлбэл, Дрездений Техникийн их сургуулийн судлаачид органик нарны зайн хөгжүүлэлтийн салбарт томоохон ахиц гаргасан. Лайпцигийн их сургуулийн судалгааны баг Альцгаймерийн өвчнийг эсрэг бие дээр суурилсан шинэ эмчилгээний аргаар эмчлэх боломжийг судалж байна. Саксон мужийн Фраунхоферын институт нь хэрэглээнд түшиглэсэн судалгаагаараа, жишээлбэл, аж үйлдвэрийн 4.0 эсвэл эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн судалгаагаар тэргүүлдэг. 

Саксон муж улс олон төрлийн санхүүгийн эх үүсвэр дээр тулгуурлан, судлаачид, залуу эрдэмтэдийн төсөл, хөтөлбөрийг дэмждэг. 

Саксонд суралцана гэдэг нь эрч хүчтэй, урам зоригтой судалгааны багийн нэг хэсэг байна гэсэн үг юм.

Дөт зам

Их дээд сургуулиуд болон судалгааны байгууллагууд бие биентэйгээ ойрхон оршдогоороо давуу талтай. Хамгийн чухал их дээд сургуулиуд нь Лайпциг, Дрезден, Хемнитц хотуудад байрлах ба хотууд бие биентэйгээ гурвалжин үүсгэн оршдог. Тээвэр харилцаа сайн хөгжсөн учраас хотуудын хооронд хурдан зорчих боломжтой. Галт тэргээр, машинаар, олон нийтийн унаагаар зорчиход хялбар, цаг бага зарцуулдаг. Их дээд сургуулиуд голцуу хотын төвд байрлах тул явганаар, дугуйтай эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр хүрч очих боломжтой.  

Байршилын хувьд бие биетэйгээ ойр байрлах  нь судалгааны салбар хоорондын харилцааг өргөжүүлж, хамтын ажиллагааг хөнгөвчилж, оюутнуудад хэрэгтэй хүмүүстэйгээ хурдан, төвөггүй холбогдох боломжийг олгодог. Мөн их сургуулиас гадуурх судалгааны институт, байгууллагатай ойр орших нь тэдгээртэй нягт харилцаа холбоо тогтооход түлхэц өгдөг бөгөөд  ингэснээр оюутнуудад практик дадлага хийх, туршлага хуримтлуулах, мэргэжлийн талын ойлголтыг сургуулиас гадна өөр талаас авах бололцоо олгохын зэрэгцээ, мэргэжлийн салбартаа эртнээс танилын хүрээлэл үүсгэх боломжийг олгодог.

Амьдралын өртөг хямд

Германы бусад бүс нутагтай харьцуулахад Саксоны хотуудад байрны түрээсийн үнэ хямд байдаг. Энэ нь ялангуяа санхүүгийн боломжоор хязгаарлагдмал оюутнуудад амьдрах таатай нөхцөл болдог. Олон их сургуулиуд оюутны хотхоныхоо дэргэд буюу ойролцоох байршлуудад хямд, тохилог дотуур байртай. Эдгээр байр нь амьдрах таатай өрөө тасалгаануудтай байхаас гадна нийтийн өрөө, хичээлийн өрөө, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх өрөө тасалгааг ч мөн санал болгодог.

Эдгээр байрнаас гадна мэдээж хэрэг, оюутнуудад зориулсан хувийн болон нийтийн орон сууцны олон сонголтууд бий. Тавилгатай нэг хүний байрнаас гадна хамтран түрээслэх боломжтой байр, бие даасан орон сууц гээд өргөн сонголттой, харьцангуй боломжийн үнэтэй байдаг. Оюутны холбоод байр хайхад чинь туслах үйлчилгээг санал болгодог.

Соёлын олон янз байдал

Энд олон янзын соёл бие биетэйгээ зэрэгцэн оршдог. Зөвхөн Лайпцигт л гэхэд 175 орноос цагаачлан ирсэн иргэд амьдардаг. Энэ нь хотыг олон үндэстний соёлын төв болгодог. Саксон мужийн оюутнуудын 17 хувь нь гадаад улс орноос ирсэн байдаг. Энэ нь оюутны хотхонд олон орны соёлын хэв маяг, янз байдлыг бий болгож, шинэ найз нөхөдтэй болох, соёл хоорондын туршлага солилцох төрөл бүрийн боломжийг бий болгодог. 

Та өөр улс орны иргэд, соёлыг нээлттэйгээр хүлээн авч чадах уу? Тэгвэл Саксоны их сургуулиудын олон улсын клубууд, байгууллагуудын үйл ажиллагаанд оролцоорой. Эдгээр нь тогтмол уулзалт, арга хэмжээ зохион байгуулж, танд хэлний ур чадвараа сайжруулах, өөр соёлтой танилцах боломжийг олгоно.

Саксон муж ч гэсэн өөрийн соёлын өвөрмөц зүйлүүдээр баялаг. Урлаг, дуу хөгжим, соёл уламжлал гээд энд хүн бүрт тохирох зүйл бий. Дрезден хот нь 1.5 сая гаруй урлагийн бүтээл бүхий музейн цуглуулгаараа алдартай. Харин Лайпциг хот бол жинхэнэ хөгжмийн төв бөгөөд жил бүр Вев-Готик-Уулзалт, хөгжмийн зохиолч Бахын баяр зэрэг томоохон наадмууд зохион байгуулагддаг бөгөөд жил бүр олон мянган зочид хүрэлцэн ирдэг. Мөн 2025 онд Хемниц хот Европын соёлын нийслэлээр зарлагдан „Үл үзэгдэгч С“ уриан дор урьд өмнө үзэгдэж байгаагүй зүйлийг үзүүлэхийг зорьж, зочдыг урьж байна.

Сонирхолтой туршлага

Саксон муж зөвхөн боловсрол, судалгаагаар онцгойроод зогсохгүй мөн амралт, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрөөх олон арга хэмжээг санал болгодог. Хөгжимд дуртай бол энд өөрийгөө гэртээ байгаа мэт мэдрэх болно. Олон төрлийн хөгжмийн концерт, фестиваль, арга хэмжээнүүд үргэлж зохион байгуулагддаг. Хэрэв өөрөө хөгжим тоглох хүсэлтэй бол найрал хөгжим, найрал дууны бүлгүүд болон хамтлагуудад нэгдэх боломжтой.

Спорт сонирхдог уу? Их сургуулиуд орчин үеийн спорт байгууламжтай бөгөөд төрөл бүрийн сургалт, дугуйлан, секц санал болгодог. Гадаа спортоор хичээллэх дуртай бол цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, усан сангууд чөлөөтэй ашиглах боломжтой. Хэрэв илүү адал явдал хайж байвал Саксоны уулс авиралт, уулын дугуй, өвлийн спортын төрлүүд зэрэг олон янзын боломжууд байдаг.

Оюутны клуб, пабууд нь хичээлээ тараад амрах, шинэ хүмүүстэй танилцах сайхан газар. Шөнийн амьдрал ч өргөн сонголттой. Хэрэв тайван амрахыг хүсвэл Саксоны Швейцарьт очиж байгалийн сайханд аялж болно. Усаар аялах дуртай бол завиар сэлүүрдэх, канугаар аялж болно. Рашаан, саун, нөхөн сэргээх сувилалын олон газрууд оюутны амьдралаасаа холдон амарч, стрессээ тайлах боломжийг олгодог.  

Энд суралцах нь зөвхөн боловсрол эзэмших биш, амьдралын мартагдашгүй туршлагыг хуримтлуулах боломж юм!