Аль их сургууль чамд тохирох вэ?
Хэрэв та дэлхий ертөнцийн нууцыг тайлах их хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байгаа бол түүнд хүрэх шинжлэх ухааны мэдлэгийг олж авах хамгийн тохиромжтой газар нь Саксон муж мөн. Саксоны их дээд сургуулиуд нь мэдлэгийг тань өргөжүүлэх, ирээдүйдээ хөрөнгө оруулах олон боломжийг санал болгодог. Энд таны сонирхол, карьерт нийцсэн сургалтын хөтөлбөрүүд бий.
Их сургууль
Их сургууль төгсөгчийн өндөрлөгөөс харахад бүх зүйл гайхалтай. „Их сургуулийн хаалттай орчин“ гэх ойлголт өнгөрсөн үед орхигдож, нээлттэй судалгаа, шинжлэх ухаанч сэтгэлгээ нь өнөөгийн их сургуулиудын гол чиг хандлага болсон. Лайпцигийн их сургуулиас гадна Саксонд дахиад 3 техникийн их сургууль бий. Үүнд: Дрездений, Хемницийн, Фрайбергийн техникийн их сургуулийг дурьдаж болно. Техникийн их сургууль нь шинжлэх ухаан, инженерийн олон төрлийн сургалтын хөтөлбөрийг санал болгодог.
Эдгээр их сургуулиуд нь онол, практикийг хослуулсан боловсролоороо алдартай бөгөөд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг судалгааны төвүүд юм. Энд А-Э буюу Африк судлалаас Экологи хүртэлх өргөн сургалтын хөтөлбөрөөс сонгон суралцах боломжтой. Их дээд сургуульд элсэн суралцахын тулд Элсэлтийн ерөнхий шалгалт (12-р анги төгссөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, ЭЕШ-ийн 5 хичээл тус бүрт 480-аас дээш оноотой) өгсөн байх шаардлагатай.
Хэрэглээний шинжлэх ухааны дээд сургууль
Их сургуульд илүү онол тал руу гүнзгийрүүлэн суралцдаг бол Саксон мужийн 5 дээд сургууль илүү практик тал руу чиглэсэн сургалтын хөтөлбөр санал болгодог. Дээд сургуулиуд нь түнш компаниудтай байх ба хэрэглээнд тулгуурласан судалгааг түлхүү явуулдаг.
Хэрэглээний шинжлэх ухааны дээд сургуульд та ихэвчлэн техникийн эсвэл бизнесийн сонгодог хөтөлбөрөөр суралцахаас гадна дижитал криминалистик эсвэл хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл зэрэг маш нарийн мэргэшсэн сургалтын хөтөлбөрт хамрагдах боломжтой. Хэрэглээний шинжлэх ухааны дээд сургуульд элсэн суралцахын тул Монгол Улсад бүрэн дунд боловсрол (12-р анги төгссөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ, ЭЕШ-ийн 5 хичээл тус бүрт 480-аас дээш оноотой)-эзэмшсэн эсвэл хэрэглээний шинжлэх ухааны сургуульд нэг жил суралцсан байх шаардлагатай.