Элсэн суралцах оюутанд тавигдах шаардлага

ХБНГУ-ын их дээд сургуульд элсэн суралцах гэж буй гадаад оюутанд  боловсролын түвшингээс нь хамаарч тодорхой шаардлага тавигддаг. Монгол Улсаас суралцах хүсэлтээ гаргаж буй тухайн хүний боловсролын түвшин нь их дээд сургуульд элсэн орох шаардлага хангаж буй эсэхийг Anabin вэб сайт www.anabin.kmk.org дээр шалган үзнэ. 

Монгол Улсад их дээд сургуульд суралцаж байгаад үргэлжлүүлэн Саксон муж улсад суралцахаар төлөвлөж байгаа бол Anabin вэб сайтын „Institutionen“ гэсэн хэсгээс суралцаж буй их дээд сургууль тань жагсаалтанд H+ түвшинд байгаа эсэхийг шалгаарай.

Хэрэв танай их дээд сургууль жагсаалтанд H+/- түвшинд байгаа бол суралцаж буй их  дээд сургууль тань германд элсэн орохоор сонгосон сургуультай ижил түвшинд магадлан итгэмжлэгдээгүй гэсэн үг бөгөөд Саксонд суралцах эрх олгох талаар тусгайлан авч үзэн, шийдвэрлэнэ гэсэн үг юм.

Uni Assist порталиар Саксоны их дээд сургуулиудад бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэн суралцах өргөдлийг авдаг. Энэхүү порталь дээр таны бичиг баримт, боловсролын түвшин элсэн орохыг хүссэн их дээд сургуулийн шалгуурыг хангаж байгаа эсэхийг  шалгадаг.

Монгол Улсад бүрэн дунд боловсрол (12-р анги төгссөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ,  ЭЕШ-ийн оноотой) эзэмшиж, цаашид Саксон муж улсын их дээд сургуульд суралцахыг хүсэж байгаа бол сургуулиудын дэргэдэх бэлтгэл коллежид суралцах шаардлагатай. Бэлтгэл коллежийн сургалтын хөтөлбөрийн чиглэл таны цаашдын их дээд сургуульд суралцах чиглэлээс хамаарна. Жишээлбэл: 

  • Т-курс нь Саксонд инженер, байгалийн ухаан, компьютерийн технологи, материалын шинжлэх ухаан, математик зэрэг техникийн мэргэжлээр суралцах боломжийг,
  • М-курс нь анагаах ухаан ба эмнэлгийн мэргэжлээр, 
  • W-курс нь эдийн засгийн чиглэлээр суралцах боломжийг олгоно.

Саксонид төлбөртэй болон төлбөргүй сургалтын аль алиныг нь санал болгодог олон бэлтгэл коллеж байдаг.

Anabin вэб сайтын H+ түвшний сургуулийн жагсаалтанд орсон Монгол Улсын их дээд сургуульд бакалаврын хөтөлбөрөөр нэг жил суралцсан бол Саксон мужийн их дээд сургуульд шилжин суралцах боломжтой.

Anabin вэб сайтын H+ түвшний сургуулийн жагсаалтанд орсон Монгол Улсын их дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн бол Саксон мужид энэ мэргэжлээрээ магистрт, өөр мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах боломжтой. 

Магистрын зэрэгтэй бол тус мэргэжлээрээ докторантурт элсэн суралцах боломжтой. 

Мөн нарийн мэргэжлийн диплом олгодог хөтөлбөр байдаг. Энэ хөтөлбөрөөр техникийн мэргэжлээр төгсөх оюутан “диплом” (Diplom) бичиж, харин анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх, хууль зүй, эм зүйн чиглэлээр суралцан төгсөх оюутан „улсын шалгалт“ (Staatsexamen) өгч төгсөнө. Энэ хөтөлбөрөөр төгссөн оюутан ХБНГУ-д цаашид төрийн албанд ажиллах бол тусгай шалгалтанд хамрагдах ёстой.