Тойм
Фрайбергийн уул уурхайн академи, Техникийн их сургууль бол байгалийн нөөцөд тулгуурласан Германы үндэсний их сургууль бөгөөд дэлхийн хамгийн эртний уул уурхайн шинжлэх ухааны их сургууль юм. 1765 онд байгуулагдсан цагаасаа хойш тус их сургууль нь сургалт, судалгаагаа байгалийн нөөцөд тулгуурласан үнэ цэнтэй харилцаа холбоог хөгжүүлсээр ирсэн. Энэ нь өнөөдөр байгалийн нөөцийн хайгуул, олборлолт, баяжуулалт, дахин боловсруулалт хүртэлх бүхий л үе шатыг хамарч байна. Их сургууль дээр судлагдаж буй шинжлэх ухааны салбарууд болох геологи, материал судлал, эрчим хүч, байгаль орчин, эдийн засаг гэсэн үндсэн чиглэлүүд нь түүхий эдийн судалгаан дээр тулгуурлагдан харилцан уялдаатай хөгжиж ирсэн. Тус их сургууль нь 6 хүчирхэг факультеттай бөгөөд ойролцоогоор 4,000 оюутантай. Байгалийн нөөцөд түшиглэсэн их сургуулийн хувьд тус сургууль эдгээр хүчирхэг факультетуудаа салбар хоорондын судалгаа, ирээдүйд чиглэсэн боловсролын бодлогоороо нэгтгэдэг.
Сургалтын гол хөтөлбөрүүд:
- Математик/Мэдээллийн технологи
- Байгалийн шинжлэх ухаан
- Инженерчлэл
- Геологи, материал судлал
- Хүрээлэн буй орчин судлал
- Эдийн засаг



Байршил
Их сургуулийн хот болох Фрайберг хот нь Саксон мужийн төв хэсэгт, Дрезден ба Хемницийн дунд байрладаг уул уурхайд түшиглэн байгуулагдсан хот юм. Фрайберг хот Германы „Мөнгөн хот“ хэмээн алдаршсан бөгөөд олон зууны турш Европын хамгийн том мөнгөний орд энэ бүс нутагт байсан. Фрайберг хот уламжлал, орчин үеийн хэв маягийг хослуулсан онцгой уур амьсгалыг бүрдүүлдэг. Түүхэн хуучин хот нь сүрлэг барилга байгууламж, нарийн гудамж, тохилог кофений газруудаараа үзэсгэлэнтэй бөгөөд үүгээрээ зочломтгой орчныг бүрдүүлдэг. Хотод театр, концертын танхим болон музей байх бөгөөд эдгээр нь идэвхтэй өрнөх соёлын амьдралын орчныг бүрдүүлэх ба энд тогтмол арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулагддаг. Үүнээс гадна Фрайберг нь олон төрлийн амралт, спортын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Хотын эргэн тойрон дахь үзэсгэлэнт байгаль нь явган аялал, дугуй унах, байгальд зугаалах зэрэгт төгс зохицдог. Фрайберг хотод ойролцоогоор 40,000 хүн амьдардаг.




Фрайбергийн уул уурхайн академи, Техникийн их сургуулийн онцлог
Байгалийн нөөцөд тулгуурласан их сургууль нь таатай сургалтын орчин бүрдүүлсэн байдаг. Энд багш, оюутнуудын хоорондын харилцаа дотно байдаг нь тус сургуулийн онцлох давуу тал юм. Оюутнуудыг эрдэм шинжилгээний ажилд эртнээс татан оролцуулдаг бөгөөд энэ нь тэдний ирээдүйн ажил мэргэжилд практик мэдлэг, туршлага хуримтлуулахад ихээхэн давуу тал болдог. Германд цорын ганц гэж хэлж болох онцлог сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан оюутнуудад өнөөгийн тулгамдсан асуудлууд болох байгалийн нөөц, эрчим хүчний хангамжийн шинэ, бүтээлч шийдлүүдийг эрэлхийлэх мэдлэг, чадвар олгодог.
Нөөц баялаг нь эдийн засаг, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал болон инновацийн үндэс суурь болдог. Тиймээс тэдгээрийг хариуцлагатай, тогтвортой ашиглах нь нэн чухал юм. Фрайбергийн уул уурхайн академи, Техникийн их сургууль нь нөөцийг тогтвортой ашиглахтай холбоотой нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх технологи, арга замыг боловсруулдаг.
Нээлттэй байдал, харилцан хүндэтгэлтэй байх хандлага нь тус сургуулийн ажлын болон сургалтын орчныг тодорхойлдог. Ялангуяа байгалийн нөөцийн салбарт тус их сургууль олон улсад өндөр нэр хүндтэй бөгөөд оюутнуудын 50 орчим хувь нь гадаад оюутнууд байдаг. Дэлхий даяар өргөн харилцаа холбоо бүхий эрдэмтэн судлаачдаас оюутнууд ихээхэн боломжуудыг олж авахын зэрэгцээ тэтгэлэгт солилцооны хөтөлбөрүүд, дадлага, олон улсын сургалтын хөтөлбөрүүдээр дамжуулан гадаадад туршлага хуримтлуулах боломжтой.
Давуу талуудад нь мэргэшсэн, практикт суурилсан сургалт, судалгааны хөтөлбөр, Европт цорын ганц судалгааны болон сургалтын уурхайн дэд бүтэц, Оюутнуудтай нягт холбоотой байхаас гадна хувийн зөвлөгөө өгөх тогтолцоо, Орчин үеийн номын сан, лабораториуд, лекцийн танхимууд, Спорт, гадаад хэлний өргөн хүрээтэй сургалт, Гадаад харилцааны албанаас үзүүлэх дэмжлэг, Сургуулийн хотхон нь сүүлийн үеийн хөгжингүй дэд бүтэцтэй (байр, лаборатори, Wi-Fi), Сургалтын төлбөргүй (зөвхөн 97 евро семестрийн хураамж) зэрэг багтана.
Их сургууль нь компаниудтай нягт хамтран ажилладаг тул оюутнуудад дадлага хийх, ажилтнаар ажиллах, судалгааны ажил бичих, мэргэжлийн карьерээ эхлүүлэх өргөн боломж нээгддэг. Энэ хамтын ажиллагаа нь “ORTE” карьерийн үзэсгэлэн, бизнесийн танилцуулга зэрэг арга хэмжээнүүдээр дамжин илэрдэг.
Оюутны байр
Фрайберг хотод оюутны хотхонд, оюутны байр эсвэл хувийн орон сууцанд түрээсийн байр хайх нь тийм ч хэцүү биш. Фрайберг хотын оюутнууд Германд хамгийн хямд өртгөөр амьдрах боломжтой.
Оюутны дотуур байр нь сургуулийн хотхонд, хичээлийн байрнуудад маш ойр байрладаг тул лекц, семинар руугаа хялбар хурдан очих давуу талтай. Сонголт өргөн бөгөөд оюутнууд өөрсдийн хэрэгцээ, төсөвт тохирсон байр олох боломжтой.