(HS Zwickau)

Тойм

 “Хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, хувьсан өөрчлөгддөг дээд сургууль” гэсэн уриан дор Цвиккау хот дахь Баруун Саксоны дээд сургууль  инженер, эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр сургалтын хөтөлбөрөө санал болгодог бөгөөд тогтвортой хөгжилд анхаарал ихээхэн хандуулдаг. Бид олон чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа явуулдаг, боловсролын байгууллага бөгөөд Цвиккау, Шнееберг, Маркнойкирхен зэрэг хотуудад бакалавр, магистр, дипломын 60 гаруй төрлийн сургалтын хөтөлбөрөөр 3000 гаруй оюутан суралцаж байгаа нь Саксоны дээд боловсролын салбарын гол тулгуур багана болсон сургууль болохыг илтгэж байгаа билээ. Цвиккау хот дахь Баруун Саксоны дээд сургуулийн 8 факультет тус бүр дээрх зорилгыг биелүүлэхийн тулд сургалтын хөтөлбөр, судалгааны ажлаараа өөр өөрийн хувь нэмрээ оруулж байдаг.  Олон улсын болон үндэсний хэмжээнд явуулж буй судалгаа, сургалтын хамтын ажиллагаа, мөн бүс нутагт байрлах компани, сургуулийн хоорондын түншлэлийн ачаар оюутнууд өргөн хүрээний мэдлэг, туршлага хуримтлуулж, мэргэжлийн карьераа эхлүүлэхэд төгс бэлтгэгддэг. 

Баруун Саксон дахь Цвиккаугийн дээд сургууль нь Германы хэрэглээний шинжлэх ухааны судалгааны хамгийн өндөр чадавхи бүхий дээд сургуулийн нэг бөгөөд судалгаа, сургалтын чиглэлээр олон төрлийн боломжуудыг санал болгодог. “Европын цахилгаан хөдөлгүүрийн нийслэл”, Зүүн Германы №1 автомашин үйлдвэрлэлийн хотод байрлах газарзүйн байршлын давуу тал нь мэргэжлийн хүчирхэг, олон талт харилцаа холбооноос ашиг хүртэх боломжийг олгодог. 

Сургалтын гол хөтөлбөрүүд: 

  • Техник
  • Эдийн засаг
  • Хэл шинжлэл
  • Эрүүл мэнд
  • Урлаг, дизайн

Байршил

Цвиккау дах Баруун Саксоны дээд сургууль нь Хотын төвийн оюутны хотхон болон Шеффельберг хотхон (Экерсбах дүүрэг) гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Хотын төвийн хотхонд Автомашин үйлдвэрлэл ба машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, Цахилгаан техник, Физик техник, Мэдээллийн технологийн факультетууд байрладаг. Харин Шеффелберг хотхонд Эдийн засгийн ухаан, машин тоног төхөөрөмжийн инженерчлэл, Хэрэглээний хэл шинжлэл ба Соёл хоорондын харилцаа, Эрүүл мэнд ба сувилахуйн ухааны факультетууд байрладаг. 

Шеффель гудамж дах хотхон нь орчин үеийн бөгөөд барилгуудыг саяхан шинэчилж, засвар хийсэн. Олон тооны ногоон байгууламжууд таныг хичээлүүдийн хооронд амрахыг урихын зэрэгцээ мөн оюутны цайны газарт гадаа суух талбай байдаг. Та Цвиккау дахь Баруун Саксоны дээд сургуулийн нэг байршлаас нөгөө рүү нь явахад трамвайгаар арван минут л зарцуулна. Лекцүүд ихэвчлэн тухайн факультетийн хотхонд явагддаг тул байршил хооронд нааш цааш явах хэрэгцээ бараг гарахгүй. 

Баруун Саксоны дээд сургуулийн бусад салбарууд Шнеебергт байрладаг бөгөөд тэнд урлаг, дизайны факультет оршдог. Хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл гэдэг сургалтын хөтөлбөр нь урлаг, дизайны факультетийн нэг хэсэг бөгөөд Маркнойкирхэн дэх салбарт байрладаг.  

Цвиккау хот нь Саксон мужийн баруун хэсэгт байрладаг бөгөөд нийтийн тээврийн сүлжээ сайтай бөгөөд Лайпциг, Дрезден, Хемниц хотуудтай шууд холбогддог. Ойролцоогоор 90,000 оршин суугчтай Цвиккау нь Саксон мужийн дөрөв дэх том хот юм.

Цвиккау дах Баруун Саксоны дээд сургуулийн онцлог

Мөнхийн хөдөлгөөнд орших дээд сургууль

Бид үргэлжийн хөдөлгөөнд оршихыг зааж, сургаж, судалж, бүхий л талбарт түүнийг хэрэгжүүлэн амьдарч, шинэ бүхэнд нээлттэй байхыг зорьдог. 

Бид бол нэг баг, хамт олон

Оюутан, багш, судлаач, ажилтан, бид бүгд хамтдаа сурч, ажиллаж, харилцан бие биенээ хүндэтгэн, хүлээн зөвшөөрч, дэмжин, тэнцвэртэй амьдрахыг эрхэмлэдэг. Бүгдэд нээлттэй хандаж, дэлхийн олон үндэстэн ястны олон янз байдал, соёл, амьдралын хэв маяг, боловсролын замналыг хүндэтгэх нь бидний хувьд энгийн зүйл юм.

Бид боломжуудыг нээн илрүүлдэг

Бид сургалт, судалгаа, салбар дундын хөгжил цэцэглэлтийн чөлөөт орон зайг бүрдүүлдэг. Бидний хамтын ажиллагаа нь тогтвортой байдал, алсын хараа, цогц сэтгэлгээгээр тодорхойлогддог.

Оюутнуудаа хүндлэн дээдэлдэг

Оюутнуудынхаа авъяас чадвар, төлөвшил, ур чадварыг нь хөгжүүлдэг. 

Манай ирээдүйд чиглэсэн сургалтын хөтөлбөрүүд, оюутнуудад үзүүлэх оновчтой дэмжлэгийн ачаар бид амжилттай төгсөгчдийг төрүүлдэг.

Бид юу чаддагаа мэддэг

Орчин үеийн тоног төхөөрөмжийг түшиглэн чанартай маш сайн сургалт, судалгааны ажлыг санал болгож, чадвартай урам зоригтой боловсон хүчинг бэлтгэдэг.

Уламжлалыг ирээдүйтэй холбодог 

Бидний амжилттай үйл ажиллагааны үндэс суурь уламжлал дээр тулгуурладаг.
Дэлхий рүү чиглэсэн ирээдүйг бүтээх үйлсэд бид бүс нутгаа манлайлдаг.

Оюутны байр

Цвиккауд их сургуулийн хотхоны ойролцоо оюутны байр, нийтийн орон сууц эсвэл жижиг түрээсийн байр олоход хялбар байдаг. Сургуулийн хажууд байх орон сууцны үнэ хямд тул хичээл, сургуульдаа явахад хялбар, юм юмандаа ойрхон амьдрах боломж бүрддэг. Сонголт өргөн бөгөөд хүн бүр хүсэл сонирхол, санхүүдээ тохирсон байр олох боломжтой.