Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Саксон муж улс болон Монгол Улсын хоорондын боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа өргөжин тэлж байна.
2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэргэд „Saxon Science Liaison Office Mongolia“ буюу ХБНГУ-ын Саксон мужийн Шинжлэх ухааны хамтын ажиллагааны Монгол дахь төлөөлөгчийн газар албан ёсоор нээгдлээ.
Энэхүү төлөөлөгчийн газар нь Саксон мужийн Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яам (SMWK)-ны санаачилгаар байгуулагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд дараах зочид оролцсон юм:
- ХБНГУ-ын Саксон мужийн Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Доктор Андреас Хандшу
- Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х. Батжаргал
- ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц
- Саксон мужийн Ректоруудын зөвлөлийн дарга, профессор, доктор Клаус-Дийтер Барбкнехт
- ШУТИС-ийн захирал, профессор, доктор Т. Намнан
Saxon Science Liaison Office Mongolia нь Саксон муж улсын болон Монгол Улсын их, дээд сургуулиудын хоорондын эрдэм шинжилгээ болон боловсролын хамтын ажиллагааг дэмжих, Саксон мужийн их, дээд сургуулиудыг Монгол Улсад сурталчлан таниулах, суралцах, ажиллах, амьдрах сонирхолтой монгол залуусыг дэмжих, чиглүүлэх эрхэм зорилготой.
Тус төлөөлөгчийн газрыг Дэндэвийн Болормаа удирдан ажиллуулж байгаа бөгөөд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:
- Монгол Улс болон Саксон мужийн их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Саксонд суралцах сонирхолтой залууст мэргэжил сонголт, мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Боловсролын үзэсгэлэн, мэдээллийн өдөрлөг зэрэг олон нийтийн арга хэмжээнд оролцох, Саксон мужийн сургуулиудыг сурталчлах
- Олон нийтийн сүлжээ болон бусад сувгаар дамжуулан мэдээлэл түгээх
Саксон мужид суралцацгаая!