Тойм
Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургууль техник, эдийн засаг, соёл урлагийн чиглэлээр олон талт сургалтын хөтөлбөр санал болгохоос гадна аж үйлдвэрийн салбартай нягт хамтран ажиллаж, практикт суурилсан сургалтыг санал болгодгоороо онцлог юм. Тус сургууль нь тогтвортой түншлэлд суурилсан, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад онцгой анхаарч, олон улсын хамтын ажиллагаа болон судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй, тэргүүлэн оролцдог. Тиймээс энэхүү онол, практикийг төгс хослуулсан сургалт оюутнуудад үр өгөөжөө хүртээдэг.
Гадаад оюутнуудад зориулан Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургууль нээлттэй, урам зориг өгөх суралгалтын орчныг бүрдүүлдэг. Энд зөвхөн мэргэжлийн болон практик мэдлэг олгохоос гадна үйлдвэр, компаниудтай харилцаа холбоогоо баттай тогтоох боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагаанд суурилан дэлхийн тавцанд карьер хийх өргөн боломжийг нээж өгдөг.
Сургалтын гол хөтөлбөрүүд
Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургууль нь 30 гаруй жилийн турш практикт суурилсан сургалт, хэрэглээнд түшиглэсэн судалгааг хослуулан хөгжүүлсээр ирсэн. Бүс нутаг дахь тус дээд сургуулийн онцлох давуу тал нь өргөн хүрээтэй инженерийн болон техникийн чиглэлийн хөтөлбөрүүд юм. Үүнд барилгын инженер, машин үйлдвэрлэл, цахилгааны ба мэдээллийн технологи, инженер эдийн засаг, эрчим хүч, барилга байгууламж болон хүрээлэн буй орчны технологи зэрэг мэргэжлүүд багтана.
Эдийн засаг, нийгэм, соёл урлагийн чиглэлтэй хослуулан Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургууль нь зургаан факультетдаа олон талт сургалт, судалгааны хөтөлбөрүүдийг санал болгодог. Жишээлбэл, архитектур, нийгмийн ажил, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн үйлдвэрлэл болон музейн судлалыг энд суралцах боломжтой.
www.htwk-leipzig.de/studieren/studiengaenge
Байршил
Саксон мужийн хамгийн том хот болох Лайпциг нь их сургууль, хэвлэлийн хот гэсэн түүхэн уламжлалтай, олон зуун жилийн турш боловсрол, соёл урлагийн төв байсаар ирсэн хот юм. Лайпциг хот оюутнууд, гарааны бизнес эрхлэгчид болон залуу гэр бүлийг байнга өөртөө татсаар, тасралтгүй өсөн хөгжсөөр байна.
Нээлттэй, бүтээлч уур амьсгалаараа Лайпциг оюутнуудад үргэлж таатай хот байсаар ирсэн. 600,000 гаруй оршин суугчтай энэ хотыг худалдаа ба үзэсгэлэнгийн хот, ном ба хэвлэл мэдээллийн хот, шинжлэх ухаан ба соёлын хот хэмээн нэрлэдэг.
Хот залуучуудад зориулан хөгжим, театр, кабаре, кино театр, спорт гээд төрөл бүрийн чөлөөт цагийн хөтөлбөрүүд санал болгодог бөгөөд мэдээж хэрэг ямар ч оюутан кафе, клуб, паб, загварлаг цугларалтын газруудад шөнийн яриаг орхихыг хүсэхгүй. Нуурын шинэ дүүрэг болон хотын олон ногоон арлууд нь чөлөөт цагаа өнгөрөөх газар болдог.
Энд Гёте, Лессинг, Лайбниц, Кэстнер нар суралцаж байсан. Залуус яг л тэдний адил 600 гаруй жилийн турш Лайпцигийг суралцах газар, хоёр дахь гэр болгон сонгосоор байна. Лайпцигийн Tоманы найрал дуу болон Гевандхаусын найрал хөгжим нь Иоханн Себастиан Бах, Феликс Менделсон Бартолди нарын нэртэй нягт холбоотой. Тэд бол өөрсдийн баялаг амьд хөгжмөө хотын хил хязгаарыг даван түгээж байгаа соёлын элч нар юм.
Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургуулийн онцлог
Энэ том хотын техник технологийг олон талаар тууштай хөгжүүлэх үүрэг хүлээсэн газар нь Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургууль юм. Гадаад, дотоод хамтын ажиллагаа харилцаа холбоондоо тулгуурлан хүчирхэгжиж байдаг.
Хичээлийн цагийн тогтмол хуваарь оюутнуудыг чиг баримжаатай, зохион байгуулалттай суралцахад түлхэц болдог. Багш, оюутнууд хоорондоо дотно харилцаатай байх бөгөөд суралцах тал дээр багш нар мэргэжлийн зөвлөгөө өгөн ажилладаг.
Сургалтын бүх хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд практикт өндөр ач холбогдол өгдөг. Суралцах хугацаандаа тогтмол дадлагаар дамжуулан оюутнууд мэргэжлийн үнэ цэнэтэй туршлага хуримтлуулж, мэргэжлийн талбар дахь харилцаа холбоог эртнээс бий болгодог бөгөөд энэ нь хожим тэднийг хөдөлмөрийн зах зээлд нэвтрэхэд хялбар болгодог. Нэмж дурьдахад Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургуулийн бүх багш нар мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай.
Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургуулийн төгсөгчдийн карьер хийх боломж нь зөвхөн бизнесийн ертөнцтэй нягт холбоотой байдагтаа биш юм. Тус сургуулийн сургалт, судалгааны чанар нь ажил олгогчдын дунд өндөр нэр хүндтэй байдаг. Мэдээжийн хэрэг, төгсөгчид өөрсдийн хувийн давуу талаараа өөрсдийгөө батлах ёстой – гэхдээ намтарт нь бичигдсэн „Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургууль“ гэсэн бичиг нь бас нэгэн нэмж хаалга онгойх боломжийг бүрдүүлдэг.
Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургуулийн оюутанд чиглэсэн үйлчилгээ
Шинээр байгуулагдсан төслийн багийнхаа хамтаар Лайпцигийн Техник, эдийн засаг, соёл урлагийн дээд сургууль нь гадаад оюутнуудад суралцах, хөдөлмөрийн зах зээл дээр гарахад нь маш их дэмжлэг үзүүлдэг. Тус багийн гишүүд оюутанд зөвлөгөө өгөх, герман хэл заах, соёл хоорондын харилцаа холбоог тогтоох, мэдээ мэдлэг, төслийн менежмент талаар мэдээлэл өгөх зэрэг олон төрлийн ур чадварыг хослуулсан байдаг ба бөгөөд нийт арван янзын хэлээр нэвтрэлцэх боломжтой.
2028 оныг дуустал хэрэгжих энэхүү төсөл нь гадаад оюутнуудыг татах, шаардлагатай бол тэдэнд хэлний мэдлэг олгох, суралцах бүх үе шатанд нь зөвлөгөө өгөх, дэмжих, эцэст нь Германы хөдөлмөрийн зах зээл дээр хөлөө олоход нь туслах зорилготой.
Оюутны байр
Сургалтын хөтөлбөрт элсэн орох зөвшөөрлийн дагуу (Циттау хотын бэлтгэл коллежид суралцах зөвшөөрөл хамаарахгүй) та Лайпцигийн оюутны холбооны дотуур байранд орох хүсэлт гаргаж болно. Дотуур байранд та бусад оюутнуудтай хялбархан танилцаж, дотносох боломжтой. Өрөөнүүд нь тавилгатай бөгөөд ихэвчлэн их сургуулийн ойр байдаг.
https://www.studentenwerk-leipzig.de/wohnen
Нийтийн байранд амьдрах
Хэд хэдэн оюутнууд нийлж нийтийн байранд хамтран амьдарч болно. Тэд ванны өрөө болон гал тогоогоо хамтран ашиглана. Иймэрхүү нийтийн байрыг онлайнаар хайж болно (жишээ нь wg-gesucht.de, wg-suche.de).
Хэрэв та Лайпцигт ирээд оюутны байранд шууд орох боломжгүй эсвэл ирснийхээ дараа орон сууц эсвэл өрөө олохыг хүсч байвал аялахаасаа өмнө эхний хэдэн өдөр хоноглох байр (зочид буудал, дотуур байр, Airbnb, амралтын газар гэх мэт)-аа захиалахыг зөвлөж байна.