Тойм
Хемницийн Техникийн Их Сургууль нь бүс нутгийн, үндэсний болон олон улсын түвшинд өргөн цар хүрээг хамарсан харилцаа холбоо бүхий дэлхийд нээлттэй их сургууль юм. Тус сургуульд ойролцоогоор 2,300 ажилтан ажиллаж, 90 гаруй орны 8,600 оюутан суралцаж байгаа бөгөөд энэ нь тус сургуулийг Саксон мужийн хэмжээнд гурав дахь том сургууль болгож байна. Гадаад оюутны эзлэх хувиар Хемницийн Техникийн Их Сургууль нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн өмчит их сургуулиудын дунд тэргүүлэгч байр суурийг эзэлдэг. Тус сургууль нь техникийн их сургуулийн үндсэн чиглэл болох инженерийн ухаан, математик, байгалийн шинжлэх ухааныг хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан болон эдийн засгийн шинжлэх ухааны сургалтын хөтөлбөртэй хослуулдаг. Эдгээр чиглэлүүдийн огтлолцол дээр ирээдүйд чиглэсэн судалгааны төслүүд болон өвөрмөц сургалтын хөтөлбөрүүд бий болон хөгжиж байна.
Сургалтын гол хөтөлбөрүүд
- Байгалийн шинжлэх ухаан
- Математик
- Цахилгаан техникийн үндэс, Компьютерийн сүлжээний техник
- Программ хангамж
- Эдийн засаг
- Философи
- Хүмүүнлэг, нийгмийн ухаан
- Боловсрол судлал, багш
Судалгааны тэргүүлэх чиглэлүүд
- Материал судлал ба ухаалаг систем
- Нөөцийг үр ашигтай ашиглах үйлдвэрлэл ба хөнгөн бүтээц эдлэл
- Хүн ба Техник
Байршил
Хемниц хот 2025 онд Европын Соёлын Нийслэл хотоор өргөмжлөгдсөн. “Прогноз” судалгааны институтын судалгаагаар Хемниц нь Германы амьдрахад хамгийн таатай 10 том хотын тоонд, амьдралын чанараараа тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ. Тус хот автомашины үйлдвэрлэл, машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарт гаргасан шинэлэг нээлтүүдийн өвөрмөц түүхийг өгүүлдэг. Хемниц нь 250,000 орчим хүн амтай, Германы хамгийн хурдацтай хөгжиж буй хотуудын нэг бөгөөд автомашин ба түүний дагалдах хэрэгслэлийн үйлдвэрлэл, мэдээллийн технологи, машин болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг салбаруудыг голчлон хөгжүүлж буй орчин үеийн технологийн төв юм. Түүнчлэн Хемниц хурдацтай хөгжиж буй гарааны бизнес эрхлэгчдээрээ гайхагдахаас гадна энд соёл урлагийн олон арга хэмжээ зохиогддог.
Хемницийн Техникийн Их Сургуулийн онцлог
Хемницийн Техникийн Их Сургууль нь инновацын хөдөлгөгч хүч, олон улсын тоглогчийн хувиар ирээдүйн тэргүүлэх чиглэлийн сорилтуудыг даван туулахад хувь нэмэр оруулахыг зорьдог бөгөөд өндөр түвшний салбар хоорондын хамтын ажиллагаагаар нийгэмд ач холбогдолоо өгөх тогтвортой шийдлүүдийг боловсруулдаг. Хемницийн Техникийн Их Сургууль нь гол гурван чадварын хүрээнд танигдсан бөгөөд эдгээр нь “Материал ба ухаалаг системүүд”, “Нөөцийн хэмнэлттэй үйлдвэрлэл ба хөнгөн бүтээц эдлэл”, мөн “Хүн ба технологи” юм. Эдгээр чиглэлүүдэд үндсэн шинжлэх ухааны болон практик ач холбогдол бүхий сэдвээр үндэсний болон олон улсын түвшинд суурь судалгаа хийгдэж байна.
Хемницийн Техникийн Их Сургууль нь шинжлэх ухааны судалгааны орчныг идэвхтэй хөгжүүлэх, мөн шинэ нээлт, шийдэл, мэдлэг, арга зүйг эдийн засаг болон нийгэмд нэвтрүүлэх гол хүчин зүйл нь шилдэг боловсрол гэж үздэг.
Германдаа олон улсын чиг баримжаа бүхий судалгаа, шинжилгээгээрээ тэргүүлдэг Хемницийн Техникийн Их Сургуулийн гадаад оюутны эзлэх хувь 31%-иас дээш, олон улсын судлаачидтай хамтран ажилладаг, дэлхийн бүх тивийн 120 их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Энд Оюутны үйлчилгээний алба, Гадаад харилцааны алба, Гадаад хэлний төв, Карьерын төв зэрэг газрууд гадаад оюутнуудын хэрэгцээнд нийцсэн олон үйлчилгээг санал болгодог. Карьерын төв нь их сургуулийн сургалт болон ажил мэргэжлийн хоорондын гүүр болж ажилладаг бөгөөд дадлага, туслах ажил, оюутны хагас цагаар ажиллах ажлын байр, мөн бүтэн цагийн ажлын байранд өргөдөл гаргах үйл явцад дэмжлэг үзүүлдэг.
Оюутны байр
Хемниц хот оюутанд ээлтэй, хамгийн хямд их сургуулийн хотуудын нэг бөгөөд Германы томоохон хотууд дотроос амьжиргааны хамгийн бага өртөгтэй тул оюутнуудад таатай, хэмнэлттэй амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Хямд, өргөн сонголттой түрээсийн байр, сэргээн засварлагдсан орчин үеийн хэв маягийн орон сууцнаас эхлээд хотын захын амралтын бүс хүртэл амьдрахад таатай орчин үргэлжилнэ. Оюутны байр хотын төв болон их сургуулийн ойролцоо байрлах ба оюутны байрны 9 цогцолбор, Их сургуулийн хотхон, лекцийн төв байр, нийтийн тээвэр, дэлгүүртэй ойр байрладаг. Байгальд ойр, эрүүл, ая тухтай амьдрахад хангалттай талбай бүхий орчин энд бүрдсэн байдаг.
Хемниц нь боловсрол, амьдралын чанар, эдийн засгийн хэмнэлт зэргийг хослуулсан, оюутнуудад хамгийн ээлтэй хотуудын нэг юм.