Тойм
Дрездений Техникийн их сургууль нь Германы хамгийн том техникийн их сургуулиудын нэг юм. Тус их сургууль нь таван чиглэлд хамаарах 17 факультетэд 119 сургалтын хөтөлбөр санал болгодог. Мөн их сургууль өөрийн давуу талуудыг тусгасан таван гол судалгааны чиглэлээр тэргүүлэх түвшний судалгаа явуулдаг. Үүнд: (1) Анагаахын шинжлэх ухаан, био анагаах ухаан, био инженерчлэл, (2) Мэдээллийн технологи, микроэлектроник, (3) Материал судлал, материалын инженерчлэл, (4) Эрчим хүч, зорчигч тээвэр, байгаль орчин, (5) Соёл урлаг ба нийгмийн өөрчлөлт зэрэг чиглэлүүд багтах ба эдгээр чиглэлүүд нь улсын болон Европын хэмжээнд жишиг болохуйц гэж тооцогддог.
Дрездений Техникийн их сургууль нь өргөн хүрээний хөтөлбөр санал болгодог тул Германы дээд боловсролын салбарт онцгой байр суурь эзэлдэг бөгөөд өнөө үеийн томоохон сорилтуудыг шийдвэрлэхийн тулд салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан ажилладаг. Мөн тус их сургууль нь DRESDEN-concept (DDc) шинжлэх ухаан, инновацийн кампусын түншийн хувьд Фраунхофер, Макс Планк, Лайбниц, Хелмхольц зэрэг 40 судалгаа шинжилгээ, соёл урлагийн байгууллагыг багтаасан нэгдсэн сүлжээний нэг хэсэг юм.
2024 оны өвлийн семестрт Дрездений Техникийн их сургуульд ойролцоогоор 29,000 оюутан суралцаж байгаагийн 20 гаруй хувь нь 125 гаруй орноос ирсэн гадаад оюутан байна.
Сургалтын гол хөтөлбөрүүд
- Инженерчлэл (машин үйлдвэрлэл, материал судлал, цахилгаан техник, мэдээллийн технологи)
- Байгалийн шинжлэх ухаан (Биологи, физик, математик, хими, сэтгэл судлал)
- Хүрээлэн буй орчин судлал (ус судлал, геологи, ойн аж ахуй, эдийн засаг)
- Нийгмийн ба хүмүүнлэгийн ухаан (хэл шинжлэл, уран зохиол, соёл судлал, сурган хүмүүжүүлэх, улс төр, түүх, философи, олон улсын харилцаа)
- Анагаах ухаан
- Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч
Мөн магистрын 26 сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр санал болгодог. (https://tud.de/masters-in-english)
Байршил
Дрезден хот нь ХБНГУ-ын Саксон мужийн нийслэл бөгөөд ойролцоогоор 570,000 оршин суугчтай. Германы амьдрахад хамгийн таатай хотуудын нэг гэж тооцогддог бөгөөд зүгээр ч нэг „Эльбийн Флоренц“ гэж нэрлэгдээгүй юм. Байрны түрээс харьцангуй хямд, амьдрах өртөг бага зэрэг нь энэхүү өргөмжлөлд ихээхэн хувь нэмэр оруулдаг.
Дрезден хот олон төрлийн соёлын арга хэмжээгээрээ алдартай. Жижиг урлагийн тайз, сонирхолтой пабууд, музей, театр, дуурийн театр, концертын танхим, кинотеатр, хөгжмийн наадам зэрэг газруудад зочлох боломжтой. Мөн олон тооны биеийн тамирын байгууламж, байгалийн үзэсгэлэнт газрууд болох Эльбийн хөндий, Эльбийн уулс, Эрцгебирг ууланд амарч зугаалах олон боломж бий. Дашрамд дурдахад, Дрезден нь оюутны клубуудын албан бус нийслэл хэмээн тооцогддог бөгөөд шөнийн амьдралын өнгө төрхийг шинэлэг дүүрэг болох „Нойштадт“ онцгойлон тодорхойлдог. Дрезден рүү галт тэрэг, онгоц эсвэл автобусаар хялбар хүрэх боломжтой бөгөөд Берлин, Праг, Лейпциг болон Бреслау зэрэг хотууд ч мөн ойрхон байрладаг.
Дрездений Техникийн их сургуулийн онцлог
Дрездений Техникийн их сургууль нь 12 гаруй жилийн турш Германы шилдэг их сургуулиудын нэгээр тооцогдож байна. 2019 онд „TUD 2028 – Synergy and Beyond“ төслөөрөө энэхүү нэр хүндтэй цолыг бататгаж, Холбооны болон мужуудын Шилдэг их сургуулиудын стратеги-ийн хүрээнд байнгын санхүүжилт авах эрхтэй болсон.
Энд 2019 онд гурван тэргүүлэх кластер үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үүнд: „PoL: Амьдрал дахь физик“ – амьд материйн динамик хөдөлгөөний зарчмыг судалдаг, „ct.qmat: Квант материалын цогц байдал ба топологи“ –хувьсан өөрчлөгдөх өндөр технологийн ирээдүйн хөгжилд зориулан шинэ төрлийн материал бүтээдэг, „CeTI: Тактил интернэтийн төв“ – Хүн ба машин тоног төхөөрөмжийн харилцан үйлчлэл бүхий ба одоо цагийн кибер-физик холбооны сүлжээг хөгжүүлдэг.
Оюутны байр
Дрезден хотын оюутны холбооноос оюутны дотуур байр эсвэл хувийн орон сууцыг боломжийн үнээр түрээслэн амьдрах боломжтой. Их сургуулийн хотхоны ойролцоо, факультет бүрт харьяалагдах оюутны дотуур байрнаас сонголтоо хийх боломжтой байдаг.
Дрезден хотын нийтийн тээвэр маш сайн хөгжсөн тул хот доторх болон бусад байршлуудад хялбар хурдан хүрэх боломжтой.