Über Sachsen

Саксон нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зүүн хэсэгт оршдог, ойролцоогоор дөрвөн сая хүн амтай, 18,400 хавтгай дөрвөлжин километр нутагтай Германы зургаа дахь том муж юм. Саксон муж маш алдартай бөгөөд жилд дунджаар найман сая жуулчин хүлээн авдаг. Ялангуяа Дрездений Цвингер ордон, дэлхийн шилдэг найрал хөгжим, хөвгүүдийн  алдарт найрал дууны хамтлаг зэрэг нь олон жуулчдыг энэ муж руу татдаг. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Эрцгебиргийн уул уурхайн бүс нутгийн өвөрмөц соёл, байгалийн үзэсгэлэнт газар нь Саксон мужийг дэлхийд алдартай болгодог. Үүнээс гадна Чөлөөт муж аж үйлдвэр амжилттай хөгжсөн газар нутаг юм. Бүс нутагт хөгжсөн хамгийн чухал салбар бол автомашин, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, мөн машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл юм. 

Саксон мужид тэргүүний их дээд сургуулиуд олон бий. 

Германы шилдэг их сургуулийн нэг Дрездений Tехникийн их сургууль, мөн Лайпцигийн Их сургууль, Хемницийн Техникийн их сургууль, Фрайбергийн Уул уурхайн академи, техникийн их сургууль нь ХБНГУ-ын тэргүүний их сургуулиудын тоонд орох бөгөөд уламжлалт байгалийн ухаан, инженерчлэлээс гадна хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны өргөн агуулга бүхий онцлог сургалтын хөтөлбөрүүдийг санал болгодог. Лайпциг, Дрезден хотын урлагийн дээд сургуулиуд ч Саксондоо төдийгүй Германд болон олон улсад ч өндөр нэр хүндтэй. Саксон дах Хэрэглээний шинжлэх ухааны дээд сургуулиуд, мэргэжлийн академид хүссэн бүх мэргэжлээрээ сурч болно. Давуу тал нь таны энд горилсон бакалавр, магистр, докторын зэрэг дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг. 

Гайхалтай номын сангууд

Саксоны боловсролын салбарын бас нэг онцлох зүйл бол 14 их дээд сургуулийн дэргэдэх номын сан юм.  Эдгээр нь өөрсдийн баялаг сан хөмрөг, үйлчилгээний чанараараа улсын шилдэг номын сангуудын тоонд ордог. Саксон мужийн төв номын сан болох Дрезден дэх Улсын болон их сургуулийн номын санд гэхэд л 17 сая гаруй ном, хэвлэлтэй байдаг болохоор Германы хамгийн том эрдэм шинжилгээний номын санд тооцогддог.   Энэ номын санг Саксон мужид зөвхөн Лайпциг дэх Германы үндэсний номын сан гүйцэх бөгөөд энд герман хэл дээрх бүх хэвлэл, нийтлэл архивлан хадгалагддагаараа алдартай. Үүнээс гадна Лайпциг, Хемницийн их сургуулиудын номын сангууд ч өргөн уудам уншлагын танхим, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, ном, сэтгүүл, цахим мэдээллийн арвин сонголтоороо гайхагддаг.

Байгууллагуудын уялдаа холбоо

Саксон зөвхөн өндөр түвшний боловсролын байгууллагуудаараа төдийгүй, их сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд, аж ахуйн нэгжүүдийн хоорондын нягт хамтын ажиллагаагаараа онцгойрдог. Олон тооны хамтын ажиллагаа, хамтарсан төслүүдээр дамжуулан та оюутан байх хугацаандаа үнэ цэнтэй харилцаа холбоо тогтоож, практик туршлага олж авах боломжтой. Мөн байгууллага хоорондын харилцан мэдээ, мэдлэг дамжуулалтаас та хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг олж мэдэн, ашиг тусыг нь хүртэж, мэдлэг тань үргэлж шинэчлэгдэж байх болно.