Universität Leipzig

Тойм

1409 онд байгуулагдсан Лайпцигийн их сургууль нь Европын хамгийн эртний их сургуулиудын нэг юм. 14 факультетэд 465 профессор ажиллаж, 31,000 гаруй оюутан суралцдаг.

Орчин үеийн уламжлалт их сургууль 

Манай их сургууль нь Европын хамгийн эртний их сургуулиудын нэг юм. Дэлхийн хэмжээний олон алдартан энд сурч, багшилж байсан бөгөөд Лайпциг хот нь шинжлэх ухааны хөгжилд үргэлж чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Орчин үеийн, нээлттэй, том хэмжээний их сургуулийн хувьд бид Германы тэргүүлэгч их сургууль байхыг эрмэлздэг. Өнөөдөр бид Германы тэргүүлэх их сургуулиудын German U15 холбооны гишүүний хувьд судалгаа, эрүүл мэндийн салбарт тэргүүлж байна.

14 факультет, 5300 ажилтан ажиллагсадтай бүрэн хэмжээний их сургууль 

Манай их сургууль 130 гаруй институт, төвүүд, 17 хүрээлэн, 14 факультетээс бүрддэг. Манай их сургуулийн санал болгож буй бүрэн хэмжээний сургалтын хөтөлбөр нь хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх ухаанаас эхлээд байгалийн шинжлэх ухаан, амьдралын ухаан, анагаах ухааны салбарыг хамардаг.

Манай их сургуульд 460 орчим профессор, 2800 гаруй эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний ажил хийж, хичээл заадаг. Нийтдээ 5300 орчим хүн ажилладаг. Их сургуулийн хувьд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 52, анагаах ухааны факультетэд 62 хувь байна. 

Өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөр

158 төрлийн сургалтын хөтөлбөрөөр (А-фрика судлалаас Э-кологи хүртэл) манай их сургууль хичээлийн хосгүй өргөн сонголтыг санал болгодог. Энэ нь манай их сургуулийг Саксоны хамгийн их эрэлттэй сургууль болгодог бөгөөд одоогоор 31,000 гаруй оюутан суралцаж байна. Жил бүр 7,000 гаруй залуус энд оюутан болж суралцаж эхэлдэг. Оюутнуудын 60 хувийг эмэгтэйчүүд, 12 орчим хувийг гадаад оюутнууд эзэлдэг.

Саксоны төрийн үйлчилгээний гол салбарууд болох эрх зүй, анагаах ухаан, багшийн мэргэжил, эм зүй зэрэгт манай их сургууль сургалтын хөтөлбөрөө төвлөрүүлж, өндөр түвшний боловсрол олгодог. Өнөөдөр эдгээр чиглэлээр суралцаж буй оюутнууд нийт оюутны гуравны нэгээс илүү хувийг эзэлж байна.

Хотын төв дэх оюутны хотхон 

Лайпцигийн их сургууль нь хотын төвд байрлалтай, олон нийтэд танигдсан чухал барилгуудаар хүрээлэгдсэн томоохон хотхонтой бөгөөд энэ нь түүний онцлог давуу тал болдог. Шинэ Августеум болон лекцийн том танхим болон их сургуулийн Гэгээн Паулын сүмийн нэгдэл болох Паулинум зэргээс шалтгаалан орчин үеийн хотхон нь хотын оршин суугчид болон зочдын сонирхлыг татах газар болж, өнөөгийн орчин үеийн их сургуулийн бэлгэ тэмдэг болсон. Ингэснээр манай сургууль соёл, худалдаа, спорт болон хэвлэл мэдээллийн хот болох Лайпцигийн амьдралтай салшгүй холбоотой байсан уламжлалаа үргэлжлүүлсээр байна.

Лайпцигийн их сургууль нь олон зуун жилийн түүхтэй их сургуулийн номын сан, их сургуулийн архив, урлагийн цуглуулга, Германы утга зохиолын хүрээлэн зэргээрээ Лайпцигийн соёлын амьдралыг баяжуулдаг. Герман дахь хамгийн эртний ботаникийн цэцэрлэг, гурван музей, сургалтын цуглуулга нь олон тооны зочдыг татдаг. Их сургуулийн найрал хөгжим, их сургуулийн найрал дуу, их сургуулийн хамтлаг жил бүр олон мянган сонсогчдын сонорыг мялаадаг.

Лайпцигийн их сургуулийн онцлог

Олон улсын чиг баримжаанд тулгуурлан даяарчлал судлал, герман хэл шинжлэл, химийн шинжлэх ухаан дахь спектроскопийн хэрэглээ зэрэг боловсролын зэрэг олгох хөтөлбөрүүд, түүнчлэн бага насны хүүхдийн судалгаа, тогтвортой хөгжил ба биологийн олон янз байдал, экологи ба хувьслын судалгаа зэрэг шинэ шинэ сургалтын хөтөлбөрүүдэд тус их сургууль ихээхэн анхаарал хандуулдаг. Түүнчлэн биотехнологи, био анагаахын төв (BBZ), Германы биологийн олон янз байдлын нэгдсэн судалгааны төв (iDiv) болон дэлхийн динамик судлалын төв зэрэг байгууллагуудтай хамтран амьдралын болон нийгмийн чухал стандартуудыг тогтоодог. Үзэсгэлэн худалдаа, олон талт байдал, нийгмийн хөдөлгөөн, эрүүл мэндийн салбарын эдийн засаг ба био технологийн салбарын гол төв болох Лайпциг хотын хувьд уламжлалт сургалтын хөтөлбөрүүдээс гадна өгөгдлийн шинжлэх ухаан (Data Science), анагаахын шинжлэх ухааны мэдээллийн технологи, дэлхийн системийн өгөгдлийн дүн шинжилгээ, зайнаас тандан судлах зэрэг шинэ санаанууд хөгжлийнх нь чухал түлхэц болж байна.

Оюутны байр

Лайпцигийн их сургуульд элсэн орсноор та оюутны 15 дотуур байрны 5200 өрөөнөөс сонгон амьдрах боломжтой. Дотуур байрны өрөөний үнэ байршил, хэмжээ, тавилгатай эсэхээс хамааран 190-515 евроны хооронд хэлбэлздэг. Дурьдсан үнэнд нэмэлт зардал, интернэт болон зурагтын төлбөр, тавилга зэрэг багтсан байдаг. 

Оюутны нийтийн байр бол оюутнуудын сонгон амьдрах хамгийн дуртай хэв маяг юм. Бараг 40 хувь нь нийтийн байранд хамтран амьдардаг. Иймэрхүү байрны хүрэлцээ хэдийгээр Лайпцигт хангалттай ч гэсэн семестрийн эхэнд шинэ оюутнууд олноор ирэх тул олоход бэрхшээлтэй учрах нь элбэг байдаг. Гэхдээ та үүнд санаа зовох хэрэггүй. Хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байр эрлийн эцэст олддог.